Хөгжимт драмын театр өвөл цагийн соёл хүмүүжлийн ажлын нээлтээ хийлээ

Алтан гадас одонт аймгийн хөгжимт драмын театр өвөл цагийн соёл хүмүүжлийн 77 дахь жилийн нээлтийн үйл ажиллагааг “Нээлттэй хаалга”-ны өдөртэй хамтатган зохион байгууллаа.

Энэ үеэр 2013 онд хийсэн ажил, уран бүтээлээ тайлагнахаас гадна энэ оны шилдэг уран бүтээлүүд болох “Монгол нутгийн үзэсгэлэн”, “Эх орон”, “Эх дэлхийгээс олдсон эрх чөлөө”, “ Омогшил”, “Жура жура”, “Хоёр нутгийн эрх”, “Анд нөхдийн дуу” зэрэг  шилдэг уран бүтээлүүдээс нээлттэй хаалганы өдөрт хүрэлцэн ирсэн ард, иргэдэд сонирхууллаа.

 

Энэ удаагийн нээлттэй хаалганы өдрийг шинэлэг байдлаар хийх үүднээс үзэгчдийн хүлээх зааланд Сонгодог бүтээл 2012 улсын уралдаанаас баруун бүсээс шалгарч “Гэгээн муза” олон улсын шилдэг бүтээлийн наадамд амжилттай оролцоод ирсэн Ж.Б.Молерийн “Аргагүйн эрхэнд оточ” инээдмийн жүжгийн тайз, ХДТ-ын брэнд уран бүтээл болох Ч.Ойдовын зохиол “Далан худалч” хөгжимт драмын жүжгийн тайз, 2013 онд тоглогдсон “Цэцгийн амь” хүүхдийн жүжгийн тайзуудыг тус тус засаж тухайн жүжгийн дүрүүдийн хувцсыг уран бүтээлчид өмсөж танилцуулан уран бүтээлчидтэй зураг авахуулах орчин нөхцлийг бүрдүүлж өгснөөр онцлогтой болсон юм.

Мөн театрын түүхэн замналыг харуулсан баримтат киног үйл ажиллагаанд оролцсон хүмүүст үзэж сонирхуулан өөрсдийн уран бүтээлийн чанар, үзэгчдэд хүрэх хүртээмж болон үзэж сонирхохоор хүсэж буй уран бүтээлийг тодорхойлох үүднээс сэтгэл ханамжийн судалгааг явуулж судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа тусгах зорилго дэвшүүлж ажилласан байна.

Өвөл цагийн соёл хүмүүжлийн 77 дахь жилийн нээлтийн үйл ажилгааныхаа хөтөлбөрт тусгагдсанаар 2013 оны 11 сарын 14-нд 19 цагаас “Хошин шог”-ийн тоглолт, 2013 оны 11 сарын 15-нд 60.70.80-аад оны шилдэг бүтээлүүдээс  бүрдсэн “Зуун дамжсан эгшиглэн” концерт, 2013 оны 11 сарын 16-нд 18 дуу бүжгийн цэнгүүн /спортын ордонд/ тус тус тоглогдохоор бэлтгэл ажилдаа ороод  байгаа аж.