ЦЭРГИЙН ТОО БҮРТГЭЛ ЯВАГДАНА

Аймгийн цэргийн тоо бүртгэл 11 сарын 20 –ны өдрөөс эхэлнэ. Энэ талаар аймгийн Засаг  даргын Тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Батмөнхтэй  ярилцлаа.  
-Цэргийн тоо бүртгэл хэзээ эхлэх вэ? 
-Аймгийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын тоо бүртгэлийг 2013 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулах аймгийн Засаг даргын захирамж гарсан. Тиймээс өөрсдийн харьяаллын багуудад  ажлын байранд цэргийн тоо бүртгэлд өргөнөөр хамрагдахыг иргэд, залуучуудад уриалж байна. 
-Бүртгэлд хэдээс хэдэн насны иргэд хамрагдах ёстой вэ?

 

-Хуулийн дагуу уг бүртгэлд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерууд, 18-60 насны эрчүүд, цэргийн бүртгэлтэй мэргэжил бүхий 18-40 насны эмэгтэйчүүд хамрагдана. 
-Иргэд цэргийн бүртгэлийг хэдээс хэдэн цагийн хороонд очиж бүртгүүлэх боломжтой вэ? 
-Энэ оны цэргийн тоо бүртгэлийн онцлог нь “Багийн цэргийн тоо бүртгэлийн сан”-г ашиглан явуулна. Тиймээс иргэдэд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна. Цэргийн тоо бүртгэлийг уртасгасан цагаар өдөр бүр бүртгэнэ. Тодруулбал, ажлын өдрүүдэд 08.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Батлан хамгаалахын хууль тогтоомж, иргэний, цэргийн үүргээ иргэд ухамсартайгаар биелүүлж, улсын аюулгүй байдлын уламжлалт ажилд идэвхтэй хамрагдах хэрэгтэй. 
-Иргэд бүртгэлд хамрагдахдаа ямар бичиг баримт бүрдүүлж ирэх вэ? 
-Бүртгүүлэхдээ иргэний цахим үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирнэ. 
-Цэргийн үүрэгтний бүртгэлд заавал биечлэн ирж бүртгүүлэх шаардлагатай байдаг юм уу. Хэрэв тухайн иргэн ямар нэгэн хүндэтгэх шалтгаантай байвал яах вэ? 
-Гадаадад, эсвэл ямар нэгэн хүндэтгэх ажилтай яваа хүмүүсийн хувьд гэр бүлийн хүмүүс нь бичиг баримтуудыг нь авчраад бүртгүүлж болно. Тэрнээс хойш заавал биечлэн ирэх шаардлагагүй. Түүнчлэн түр оршин суугаа иргэн ч мөн адил тухайн оршин сууж буй багтаа бүртгүүлж болно. 
-Ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр бүртгэлд хамрагдаагүй иргэнд хариуцлага тооцох уу? 
-Хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, захиргааны хариуцлагын хуулийн дагуу 50-100 мянган төгрөгөөр торгоно. Гэхдээ иргэд маань заавал торгоно, албадан саатуулна гэсэнд биш иргэн хүнийхээ үүргийг ухамсарлан бүртгэлдээ идэвхтэй оролцох байх гэж найдаж байна.
-Ер нь цэргийн бүртгэлийг хөтөлж явуулах нь ямар ач холбогдолтой байдаг юм бэ? 
-Цэргийн тоо бүртгэлийг хөтөлж явуулснаар цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлоход ихээхэн ач холбогдолтой байдаг. Ер нь эр хүн болж төрсөн бол эх орноо хамгаалах цэргийн үүрэгтэй шүү дээ. 
-Цэргийн алба хааж амжаагүй иргэд ямар нэгэн хэлбэрээр нөхөж цэргийн алба хаах боломжтой юу? 
-Иргэд 18-25 насанд цэргийн жинхэнэ алба буюу биеэр дүйцүүлэх алба хаана. Өөрөөр хэлбэл, цэргийн алба хаагаагүй бол тухайн иргэнийг хуулийн дагуу 26 насанд нь цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгана. Тодруулбал, эдийн засгийн хэлбэрээр дүйцүүлэн цэргийн албыг хаана гэсэн үг. Тиймээс 18-26 насны залуучууд үүнийг анхаарах хэрэгтэй. 
-Сүүлийн жилүүдэд цэргийн үнэлэмж нэмэгдэж байгаа гэсэн. Ер нь залуусын дунд цэрэгт явах сонирхол хэр их байдаг вэ? 
-Цэргийн үнэлэмж өндөр болсон. Тухайлбал, 2008 онд Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн онцлог алба гэсэн цэргийн жинхэнэ алба хаагаагүй иргэнийг төрийн албанд ажиллахыг хориглосон. Мөн өнгөрсөн онд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Тодруулбал, бүх шатны нэр дэвшигч цэргийн үүргээ биелүүлсэн байна хэмээн заасан. Мөн гадаад дотоодод их, дээд сургууль, коллежид болон мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа оюутнуудыг хуулийн дагуу цэрэг татлагаас түр чөлөөлдөг боловч сүүлийн дөрвөн жилийн байдлаар залуусын дунд цэрэгт явах, цэргийн жинхэнэ алба хаах сонирхол харьцангуй нэмэгдсэн. Тиймээс цаашдаа төрд ажиллах, өнөөгийн шилдэг боловсон хүчин болох хүсэлтэй залуус маань цэргийн үүргээ хангалттай биелүүлж байх шаардлагатай.

Б.Одонтуяа