Үйлдвэрлэл үйлчилгээ

Үйлдвэрлэл үйлчилгээ:

Булган суманд талх, нарийн боов, ундаа, зайрмаг, мужаан дархан, зурагчин, үсчин гоо сайхан, гуталчин, зочид буудал, хүнсний зах, нийтийн хоол, дэлгүүр худалдааны үйлчилгээний цэг салбарууд байнгын үйл ажиллагаа явуулж байна. Булган баян буудай ХХК нь сүүлийн 3 жил тариалалтаа өсгөж, гурил үйлдвэрлэхийн зэрэгцээ, малын тэжээл үйлдвэрлэх, чацаргана тариалах ажлуудыг хийж байна. Цаашид МАА, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулахад чиглэсэн сүү сүүн бүтээгдэхүүний, мах махан бүтээгдэхүүний, гурил, гурилан бүтээгдэхүүний, арьс, шир, ноос, жимс жимсгэнэ боловсруулах бага, дунд хэмжээний үйлдвэрүүдийг бий болгож, мөнгөний урсгалыг дотооддоо шингээх зорилго тавин, дотоодын бизнес орчныг сайжруулах зорилт тавьж байна.

“Мянганы зам”-ын босоо тэнхлэгийн Ярант – Булганы 65 км, Ярант – Хөшөөтийн хүнд даацын 340 км хатуу хучилттай замын 70 км нь манай сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Сумын төв дотроо 1км хатуу хучилттай замтай байсныг үргэлжлүүлэн 2010 онд 3 км зам нэмж тавьсан нь тоосжилт багасах, эрүүл аж төрөхөд чухал нөлөөтэй боллоо. Булган гол дээр баригдсан 3 гүүрийг ашигладаг. Үүнд: Ендэртийн аманд аж ахуйн аргаар, сумын төвд төмөр бетон, Ярантад хүнд даацын зориулалттай гүүр тавигдсан. Босоо тэнхлэгийн зам нь цааш үргэлжлэн, ОХУ-тай холбогдох ба энэ зам нь Евро –Азийн автомашины замын сүлжээнд холбогдсон гэсэн үг юм. 1959 оноос тус суманд нисэх онгоц үйлчилж эхэлсэн бөгөөд, одоо 7 хоногт 1 удаа  УБ хотоос шууд нислэг  үйлдэж  байна. Цаашид нисэх онгоцны суух, тасрах талбайг хатуу хучилттай болгож, БНХАУ-ын Урумч–Ховд аймгийн хооронд нислэг үйлдэхэд дамжин өнгөрөх буудал болгох чиглэлтэй ажиллаж байна. Тус суманд 300 орчим тээврийн хэрэгслэл байнгын үйлчилгээ үзүүлж байгаа ба НИК, Магнай Трейд, Хөрс авто сервис ХХК-ны ШТС, агуулах ажиллаж байна.  “Вестдөл” ХХК өргөтгөл хийж, баруун 5 аймгийг шингэн түлшээр ханган ажиллаж байна.