ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Тус сум нь 1926 онд Чандмань уул аймгийн харьяанд Булган мандал Бүрэнхайрхан уулын хошуу нэртэй байснаа 1931 онд Увс, Ховд хоёр аймаг байгуулагдахад Булган сум нэртэй болжээ. Улсынхаа нийслэлээс 1855 км, аймгийн  төвөөс 385 км алслагдсан Монгол улсын баруун хязгаар юм.

Засаг захиргааны нэгж     - 6 багтай

Хүн ам                                   - 9018

Өрхийн тоо                           – 2182

Малчин өрх                           – 845

Компани хоршоо                     - 19

Нөхөрлөл                                   – 17

ХЭАА                                           - 67

Үндэсний уламжлалт ахуй соёл, зан заншлаараа өвөрмөц онцлогтой  хүн амын 75 хувийг  торгуудууд эзэлдэг. Манай суманд   Казах, хошууд болон бусад ястан, үндэстэн  олноороо амьдардаг.

Баруун талаараа БНХАУ-тай, Хойд талаараа Баян-Өлгий аймгийн Булган сумтай, зүүн ба өмнөд талаараа Үенч сумтай хиллэдэг, 8105 кв км талбай бүхий нутаг дэвсгэртэй, 10000 шахам хүн амтай, 12 жилийн 1 дүгээр сургууль, Минжит Булган цогцолбор сургууль, сум дундын нэгдсэн эмнэлэг, Сарнай цэцэрлэг, Зэвсэгт хүчний 305 дугаар анги, Аврах гал унтраах 38 дугаар анги, Сум дундын шүүх, прокурор, Цагдаагийн хэлтэс, Нисэх онгоцны буудалтай, хилийн худалдааны Байтаг Ярантын хоёр боомттой, улсдаа хамгийн том гэгддэг сум билээ.

Иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа  үйлчилгээ юм. Тус сумынхан мах, ноосны чиглэлийн ууцан сүүлт хонь, мөнгөн сорт ноолуурын чиглэлийн ямаа, махны чиглэлийн үхэр голлон өсгөдөг. Жил бүр дунджаар 154000 гаруй толгой мал тоолуулдаг. 1000 шахам га усалгаатай газар тариалан эрхэлдэг. Булган сум өвөлдөө сахал цантуулам -35,5-40,0 хэм хүйтэрч, зундаа чөмөг хайлуулмаар +38-аас +40,7 хэм халдаг эрс тэс уур амьсгалтай. Булган гол сумын нутаг дундуур 105 км урсаж өнгөрдөг. Алгана, гялгана, хайруус, үхэрдэй зэрэг олон төрлийн загастай төдийгүй дэлхийд ховордсон Азийн шар минж нутагладаг. Үхрийн нүд, тошлой, хад, чацаргана, зээргэнэ зэрэг зэрлэг жимснээс гадна тарималжуулсан алим, давжаа алим, слив, үрэл, ранетка  ургадаг.

Хөхтөн амьтдаас: хулан, зэгсний гахай, хар сүүлт зээр, алтайн аргаль, янгир ямаа, халиун буга, ирвэс, шилүүс, цоохондой, цөөвөр чоно,

Мэрэгчдээс: дорго, суусар, алтайн хар тарвага, заарт харх, минж,

Хэвлээр явагчдаас: Замба гүрвэл, говийн нүцгэн хуруут гүрвэл, тойргийн хонин гүрвэл зэрэг  нэн ховор, улаан номонд орсон амьтад оршин амьдардаг

Газрын гадарга:

Нутгийн зүүн ба зүүн хойт хэсгээр 2500- 3000 метр өргөгдсөн өндөр сүрлэг уулстай. Голын хөндий нь тэгш тал, намгархаг, Баруун тийш нам доор болж, баруун хуурайн говь болон үргэлжилж, Байтаг богд ууланд тулж очно.

Цаг уур:

Алтайн салбар уулст агаар хүйтэн, үүлшилт их, тунадас багагүй унадаг бол говь цөлөрхөг нутагт нь тунадас бага, агаар дулаан байдаг. Зуны хамгийн дулаан нь 7 сард 20-25 хэм, говьд 45 хэм , Өвөлдөө ууландаа 20-30 хэм, говьдоо 15-20 хэм хүйтэн, Агаарын даралт  өвөлдөө 1022- 1054 гПа, зундаа 1000- 1030 гПа байна.

Байгалийн баялаг:

Нүүрсний орд:

Олонбулаг        -  151 км

Байтаг               -  130 км

Мэргэний уул   -  32 км

Алтны орд:

Нарийн хар     - 68 км

Сухайт             - 45 км

Цоохор нуур   - 15 км

Доод нарийн   - 82 км

Мянгадын ам  - 35 км

Болорын орд:

Уушиг           -    70 км

Барилгын материалын орд :

Тоосгоны материал авах шар шороо     - 3 км

Шохойн чулууны орд                      - 8 км

Булган гол нь Монгол алтайн нуруунаас эх авч урсдаг. Баянгол, Ендэрт, Түргэн, Доод Дээд Нарийн, Тошилт, Улиастын голын усаар тэжээгдэж, Өрөнгө, Енисей мөрөнд нийлж Хойд мөсөн далайд цутгадаг.

Булган голын дагуу 100-200 мм, жилд дунджаар 200-300 мм тунадас унадаг.

Монгол Алтайн нурууны өвөр бэлээс эх авч, улсын хил даван урсдаг Булган гол маань ховор амьтан, ургамал нэгэн дор зохицон амьдрах экологийн гайхамшигт таатай нөхцөл бүрдсэн байдгаараа онцлог юм. Энэ сайхан нутгийг 2011 онд Монгол Улсын Их хурлын тогтоолоор Монголын байгалийн цогцолборт газрын сүлжээнд хамруулан хуульчилсан. Торгууд хүмүүсийн дундаас Монгол Улсын Баатар 2, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 15, Хөдөлмөрийн баатар 12, Гавъяат цолтон 36, Эрдэмтэн доктор 40 гаруй төрөн гарсан нь Булганчуудын баатарлаг, дайчин, хөдөлмөрч, оюунлаг түмэн болохын баталгаа юм.

10000 хүн амын 4445 эрэгтэй, 5021 эмэгтэй, 0-15 насны хүүхэд 3492, 16-35 насны залуучууд 3276 бөгөөд 70 орчим хувь нь залуучууд эзлэж байна. Манай суманд 10 гаруй төрийн байгууллагад 500 гаруй ажилчид ажиллаж байна. Мөн онд 310 оюутан суралцаж, 233 иргэн шинээр мэндэлж, 77 өрх шинээр гэр бүл болж, хөдөлмөр эрхлэгч иргэн 4251 байна.

2012 оны эцсээр:

Тэмээ     -1705,

Адуу     – 6644,

Үхэр    – 15037,

Хонь    – 32452,

Ямаа    – 48520

Бүгд  - 157.6 мянган  мал тоолуулав.

Мянгат малчин 12, улсын сайн малчин 4, аймгийн сайн малчин 7 төрөн гарсан. Булганчууд эрт дээр үеэс газар тариалан эрхлэж ирсэн түүхэн уламжлалтай, туршлагатай ард түмэн. Өдгөө хүртэл морин, гар тээрэм ашиглаж бор тарианы гурил үйлдвэрлэж ашиглаж байна. 2008 оноос “Булган баян буудай” үр тарианы шинэ аж ахуй бий болж, 328,2 тн үр тариа хураан авч, дотооддоо гурил үйлдвэрлэж байсан бөгөөд одоо түр зогсонги байдалд байна. Булган голын хөндий нь малын шимт өвс ургамлаар баялаг бөгөөд сум жилд дундчаар 22,0 – 27,6 мянган тн байгалийн хадлан хурааж, 1 хонин толгойд дундчаар 50 – 54 кг тэжээл бэлтгэж байна. Малын багсармал тэжээл үйлдвэрлэх зориулалт бүхий 2 ААН ажиллаж байна.

Байгалийн үзэсгэлэнт газар

Гурван хүүхэд уул             – Алагтолгой багт 56 км

Сэнжит хад                         - Олонбулагт       163 км

Онгогийн чийр ургасан цэлгэр тал            –   62 км

Шарбулаг, Баян мод, Бураагалт, Алтан овоо, Бүдүүн Нарийн Харгайт, Ендэрт, Тошилт, Дээд Доод Нарийн,  зэрэг үзэсгэлэнт сайхан газар нутагтай.

Түүхийн дурсгалт газар

Гурван баатрын шовгор – Байтагийн бүдүүн харгайт 145 км

Чойбалсан Османтай уулзаж байсан гэрийн буйр – Алагтолгой 22 км

Хүннүгийн үеийн булш – Сүмээн цагаан  6 км

Эртний сүг зураг – Хойт цөө 51 км, Ендэрт 120км,

Доод нарийн 75 км,

Хүн чулуун хөшөө – Бүдүүн харгайтын эх 152 км,

хойд цөөгийн ам  - 51 км,

Жумагийн шаргал чулуу  - Өмнө цөөгийн ам 47 км

Торгуудын соёл урлаг:

Торгууд түмэн урлагийн баялаг урын сантай.  Их агсал, хэлхээ агсал, ховог, жудар, эрээн хавирга, цацал зэрэг бий биелгээ, икэл, товшуур, хулсан хуур зэрэг хөгжим, бэсрэг уртын дуу,  шог хошин, харилцаа, богины дууг өөрсдөө зохион дуулж ирсэн. МУСТА Торгуудын алдарт дууч, бийч, хөгжимчин М.Пүрэвжал агсны нэрэмжит Торгуудын урлагын наадмыг 2 жилд нэг удаа  Сумын Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна

Гадаад харилцаа:

БНХАУ-ын Алтай аймаг, Чингэл сум, Чита сум, Ховог сайр сумтай, Францын Рубрук тосгон, Герман улстай байнгын харилцаа холбоотой ажилладаг.

Үйлдвэрлэл үйлчилгээ:

Булган суманд талх, нарийн боов, ундаа, зайрмаг, мужаан, дархан, зурагчин, үсчин гоо сайхан, гуталчин, зочид буудал, хүнсний зах, нийтийн хоол, дэлгүүр худалдааны үйлчилгээний цэг салбарууд байнгын үйл ажиллагаа явуулж байна. Булган баян буудай ХХК нь сүүлийн 3 жил тариалалтаа өсгөж, гурил үйлдвэрлэхийн зэрэгцээ, малын тэжээл үйлдвэрлэх, чацаргана тариалах ажлуудыг хийж байна. Цаашид МАА, газар тариалангийн бүтээгдэхүүнийг боловсруулахад чиглэсэн сүү сүүн бүтээгдэхүүний, мах махан бүтээгдэхүүний, гурил, гурилан бүтээгдэхүүний, арьс, шир, ноос, жимс жимсгэнэ боловсруулах бага, дунд хэмжээний үйлдвэрүүдийг бий болгож, мөнгөний урсгалыг дотооддоо шингээх зорилго тавин, дотоодын бизнес орчныг сайжруулах зорилт тавьж байна.

“Мянганы зам”-ын босоо тэнхлэгийн Ярант – Булганы 65 км, Ярант – Хөшөөтийн хүнд даацын 340 км хатуу хучилттай замын 70 км нь манай сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг. Сумын төв дотроо 1км хатуу хучилттай замтай байсныг үргэлжлүүлэн 2010 онд 3 км зам нэмж тавьсан нь тоосжилт багасах, эрүүл аж төрөхөд чухал нөлөөтэй боллоо. Булган гол дээр баригдсан 3 гүүрийг ашигладаг. Үүнд: Ендэртийн аманд аж ахуйн аргаар, сумын төвд төмөр бетон, Ярантад хүнд даацын зориулалттай гүүр тавигдсан. Босоо тэнхлэгийн зам нь цааш үргэлжлэн, ОХУ-тай холбогдох ба энэ зам нь Евро –Азийн автомашины замын сүлжээнд холбогдсон гэсэн үг юм. 1959 оноос тус суманд нисэх онгоц үйлчилж эхэлсэн бөгөөд, одоо 7 хоногт 1 удаа  УБ хотоос шууд нислэг  үйлдэж  байна. Цаашид нисэх онгоцны буух, тасрах талбайг хатуу хучилттай болгож, БНХАУ-ын Урумч–Ховд аймгийн хооронд нислэг үйлдэхэд дамжин өнгөрөх буудал болгох чиглэлтэй ажиллаж байна. Тус суманд 300 орчим тээврийн хэрэгсэл байнгын үйлчилгээ үзүүлж байгаа ба НИК, Магнай Трейд, Хөрс авто сервис ХХК-ны ШТС, агуулах ажиллаж байна.  “Вестдөл” ХХК өргөтгөл хийж, баруун 5 аймгийг хийн түлшээр ханган ажиллаж байна.